Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас 2024 оны 10 дугаар сард телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Дууны сонсогдолтын хүчийг түвшитгэх зөвлөмж”-ийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, энэ талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор асуумж хүргүүлэн, судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг, дүгнэлтийн хамт Хорооны цахим хуудсанд нийтэлж, Улаанбаатар хот болон орон нутгийн бүх телевизүүдэд зөвлөмжийн хамт хүргүүллээ.
Телевизийн нэвтрүүлгийн дууны чанга дуугаралтын (loudness) түвшинг Европын Өргөн Нэвтрүүлгийн холбооны (EBU) баталсан EBU R 128 зөвлөмжийн дагуу түвшитгэж, мөрдөх нь дараах шалтгаануудын улмаас чухал юм.Үүнд:
• Дууны огцом өөрчлөлт, гажуудалтай нэвтрүүлэг нь үзэгчдийг ядрааж, бухимдал төрүүлдэг тул энэ асуудлаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.
• Төрөл бүрийн жанрын контентуудын дууг тогтвортой чанартай, зөв баланстай түвшинд дамжуулахад чухал нөлөө үзүүлдэг.
• Телевизүүд Өргөн нэвтрүүлгийн хууль, Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зэрэг хууль, журамд заасан үүргээ биелүүлнэ.
• Дууны сонсогдолтыг жигд түвшинд барьснаар үзэгчид нэвтрүүлэг, контентыг ая тухтай байдлаар хүлээн авах боломжтой болдог. Үүний үр дүнд үзэгчдээс дууны ялгаатай түвшнээс үүдэлтэй гомдол, шүүмжлэл буурч, шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.
Энэхүү судалгааны үр дүнтэй дараах холбоосоор орж танилцана уу. https://crc.gov.mn/list/rg-n-nevtr-leg/mn?show=142.
"Дууны сонсогдолтын хүчийг түвшитгэх EBU R 128 зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд хийсэн судалгаанаас гарсан дүгнэлт, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд өгөх зөвлөмж”-ийг хавсралтаар хүргүүлсэн. Хавсралтад:
Дууны сонсогдолтын хүчийг түвшитгэх EBU R 128 зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд хийсэн судалгааны үр дүн болон телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд өгөх зөвлөмж
Энэхүү судалгааны асуумжийг Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 119 телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлж, үүнээс 55 нь идэвхтэй оролцсон бөгөөд нийт 19 асуумжид бүрэн хариулт ирүүлснээр судалгааны үр дүнд хувь нэмэр орууллаа.
Судалгааны үр дүнд үндэслэн телевизийн үйлчилгээн дэх дууны дохио дамжуулалттай холбоотой дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргаж байна.
Нэг. Боловсон хүчний дутагдалтай байдал, сургалтын хэрэгцээ
1.1. Судалгаанаас Кино, телевиз, медиа урлагийн сургууль энэ салбарт тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэж байгаа нь харагдсан.
1.2. Гэсэн хэдий ч телевизийн салбарт дууны найруулагч болон дуу чимээний техник, технологийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байгааг судалгаа харуулж байна.
Тухайлбал: сүүлийн 2 жилийн хугацаанд
• телевизүүдийн 43.4% нь 1-2 инженерээ энгийн болон сертификаттай сургалтад хамруулсан байна.
• харин 49% нь ямар нэг сургалтад огт хамрагдаагүй байна.
Энэхүү байдал нь телевизийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлөх хүчин зүйл болох тул энэ салбарын хувьд сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах шаардлагатай байна.
Цаашид салбарын хувьд анхаарах асуудал
1. Мэргэжлийн сургуулиуд болон телевизүүдийн хамтын ажиллагаа
· Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дууны чиглэлээр мэргэжилтэн сургах, дадлагажуулах чиглэлээр сургалт авах боломжийг хайх.
2. Сургалтын хөтөлбөр сайжруулалт
· Холбогдох мэргэжлийн сургуулиудын одоогийн сургалтын агуулгад дууны түвшний талаарх хичээл, модулиудыг нэмэх асуудлыг холбогдох талууд авч үзэх.
3. Сертификаттай сургалт зохион байгуулах
· Сургалтын эрх бүхий байгууллагуудтай хамтран мэргэжлийн болон сертификаттай сургалтуудыг зохион байгуулж, салбарын ажлын байранд тулгарч буй боловсон хүчний хомсдлыг арилгах.
Эдгээр арга хэмжээг холбогдох талууд хэрэгжүүлснээр телевизийн салбарт дууны мэргэжилтнүүдийн ур чадвар сайжирч, үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.
Хоёр. Дууны түвшний хяналт ба эвлүүлгийн цэг
Телевизүүдийн дууны түвшинг жигд хангах үндсэн үйл ажиллагаа нь эвлүүлгийн ажлын цэг дээр хийгддэг. Судалгаанд хамрагдсан оролцогчдоос энэ тал дээр олон санал, шүүмжлэл ирсэн бөгөөд уг асуудалд илүү анхаарч, сайжруулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон байна.
2.1. Найруулагч, эвлүүлэгчдийн мэдлэг ур чадварын ач холбогдол
· Дууны түвшинг тухайн нэвтрүүлгийн туршид жигд байлгах гол үндэс нь эвлүүлгийн ажлын цэг дээр ажиллаж байгаа эвлүүлэгчид, найруулагчдын мэдлэг ур чадвараас шууд хамаардаг тул тэдний ур чадвар чухал үүрэгтэй.
• Эвлүүлгийн цэг дээр ажилладаг эвлүүлэгч, найруулагчид дууны сонсогдолтын түвшнийг тохируулдаг аргачлалын талаар хэр сайн ойлголттой байдаг гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь маш сайн болон сайн ойлголттой гэсэн өндөр үзүүлэлттэй гарсан.
• Дууны түвшинг хянах, тохируулах үүрэгтэй орон тооны ажилтан болон гэрээт ажилтнуудтай телевиз судалгаанд хамрагдсан нийт телевизүүдийн 70.5%-ийг эзэлж байна.
2.2. Дотоод дүрэм журам ба хяналт
• 83% нь дууны түвшинг жигд байлгах дотоод дүрэм журам мөрддөг гэж хариулсан.
Хэдийгээр ийм эерэг хариултууд өгсөн боловч хэрэглэгчдээс дууны түвшинтэй холбоотой гомдол байнга ирдэг, судалгаагаар зарим телевиз дууны түвшинг хянах зөвлөмж, стандартыг мэдэхгүй байгаагаас харахад сонсогдолтын түвшний тохируулгын талаарх ойлголт дутмаг, зөвлөмж хэрэгжих тал дээр хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Цаашид анхаарах асуудлууд
- EBU R 128 зөвлөмжийг хэрэгжүүлж, эвлүүлгийн цэг дээрх хяналтыг сайжруулах.
- Эвлүүлэгчид, найруулагчдад ч мөн энэ чиглэлээр нэмэлт сургалт зохион байгуулах, телевизүүд мөн холбогдох сургалтанд хамруулах талаар анхаардаг байх.
- Телевизүүд дотоод дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулж, хяналтын механизмыг үр дүнтэй болгох.
Гурав. Дууны түвшний EBU R 128 зөвлөмжийг мөрдөх байдал
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй телевизүүд дууны сонсогдолтын хүчийг түвшитгэх зөвлөмжийг хэрхэн мөрдөж байгааг судалгаанаас харвал
3.1. Судалгаанд оролцсон телевизүүдийн 23% нь дууны түвшинг хянах ямар зөвлөмж, стандарт баримтлах ёстойг мэдэхгүй, энэ талаар тодорхой ойлголт байхгүй байгаа нь харагдаж байна.
3.2. Зохицуулалтын шаардлагын хувьд: Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 3.1.8-д зааснаар
· Студийн гаралт дахь дууны чанга дуугаралтын (Loudness) түвшинг Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо (EBU)-ноос баталсан EBU R128 зөвлөмжийн үзүүлэлтийн дагуу хянаж, тохируулах ёстой.
· Тус нөхцөл шаардлагын 3.28-д “Техникийн гэмтэл саатал гарсан үед болон техникийн туршилт хийх үедээ “1000 Гц-ийн давтамжтай, -18 dBFS түвшинтэй” дууны дохиог дамжуулна” гэж заасан.
Гэвч энэхүү туршилтын дохио нь тухайн телевизээс ОСДҮЭ болон хэрэглэгч хүртэлх трактад байгаа тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгаж байгаа бөгөөд, харин ингэж шалгасны дараа дууны илт зөрүүтэй дохио, эсвэл гажуудалтай дохио энэ трактаар тэр чигээрээ дамжих боломжтой гэдгийг мэдэх нь чухал юм.
Телевизүүд дууны сонсогдолтын хүчийг түвшитгэх дүрэм журамтай, орон тооны ажилтантай бол ийм түвшинтэй холбоотой асуулгад бүгд жигд зөв хариултыг өгөх байсан.
Цаашид анхаарах асуудал
· Дууны түвшний EBU R128 зөвлөмжийн талаар мэдээлэл, зөвлөмж өгөх сургалт шаардлагатай байна.
· Телевизүүдийн техникийн журмын хяналтыг сайжруулж, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих механизм бий болгох нь зүйтэй.
Дөрөв. Дууны түвшин тохируулах багаж, төхөөрөмжийн ашиглалт
4.1. Студид ажиллах үеийн дууны түвшин
· Нэвтрүүлэг бичих болон шууд дамжуулах үед дуу бичлэгийн микшер олон улсын, тэр дундаа EBU R-128 зөвлөмжийн дагуу хяналт хийдэг хэмжүүртэй байх нь чухал.
· Судалгаанд хамрагдсан телевизүүдийн 48% нь ийм хэмжүүртэй байна.
4.2. Эфирийн гаралт дахь тохируулга
· Дууны түвшинг тохируулдаг төхөөрөмжийг (аудио лимитр, нормалайзер) эфирийн гаралтад суурилуулсан телевизүүд 70%-тай байгаа нь эерэг үзүүлэлт юм.
Цаашид анхаарах асуудал
· Дээрх төхөөрөмж нь илт өөр түвшин бүхий нэвтрүүлэг, шторк, рекламуудад нөлөө нь хангалтгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
· Судалгаанд оролцогсдын ихэнх нь дээрх төхөөрөмжийг тавьснаар асуудлыг бүрэн шийднэ гэсэн буруу ойлголттой байгааг анхаарах нь зүйтэй.
5. Гаднын студи, продакшнаас нэвтрүүлэг, контент хүлээн авах
5.1. Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт
Өөрийн контент болон бусад байгууллага, продакшнуудаас авсан реклам, зар сурталчилгаа, нэвтрүүлэг, кино зэрэг контент, бүтээлүүд эзэлдэг.
5.2. Дууны түвшний жигд байдлыг хангахын тулд
Гаднын студи, продакшнаас нэвтрүүлэг, контент хүлээн авах дотоод дүрэм журамтай байх үүнийгээ хэрэгжүүлдэг байх шаардлагатай.
Судалгааны үр дүнд оролцогсдын 26.4% нь дууны түвшний талаар ийм дүрэм журамгүй гэж хариулсан байна.
Цаашид анхаарах асуудал
- Телевизийн үйлчилгээ эрхлэгчид дээрх дүрэм журам боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах.
- Гадны контент нийлүүлэгчдээс контент авахдаа дууны түвшний стандартыг хангуулж, хянаж авах.
- Нэвтрүүлгийн бүх хэсэгт дууны түвшинг жигд барих хяналтын систем нэвтрүүлэх.
Нийт телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн дээрх дүгнэлт, цаашид анхаарах зүйлс, зөвлөмжүүдийг уншиж судлан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг хүсч байна.
Нарийвчилсан судалгаа болон дүгнэлтийг манай байгууллагын цахим хуудаснаас үзэж танилцана уу.